close
Jump to content

Солт-Лэйк Сити

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Image

Солт-Лэйк Сити (англи. Salt Lake City, орчуулга. —  «Давст нуур хот») — АНУ-ын Юта мужийн хамгийн том газар нутагтай бөгөөд хүн ам ихтэй хот. Хотын нэрийг Солт-Лэйк (англ. Salt Lake) гэж товчилж хэлдэг буюу SLC (Эс-эл-си гэж дууддаг).

Хотын хүн ам 2019 оны байдлаар 200 567, орчмын хотуудтай нийлээд 1,3 сая (Юта мужийн 60%) хүн амтай.

Image
Мужийн Капитолий

Солт-Лейк Сити хот нь Юта мужийн хойд хэсэгт, Их давст нуурын (англи. Great Salt Lake) ойролцоо Уосатч (англи. Wasatch Range) болон Окиурр уулсаар хүрээлэгдсэн хөндийд далайн түвшнээс ойролцоогоор 1300 метрийн өндөрт оршдог юм. Энэ хот нь мужийн хамгийн том хот бөгөөд бүсийн аж үйлдвэр, худалдаа, санхүүгийн төв юм. Хот олон улсын нисэх онгоцны буудалтай. Солт-Лэйк Сити нь хотын үүсгэн байгуулагчид болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн олон улсын төв байр юм. Оршин суугчдын 50 орчим хувь нь Мормон шашинтнууд байдаг учраас хотыг мөн "Гэгээнтнүүдийн Ариун Хот" гэж нэрэлдэг байна.

Солт-Лэйк хот нь голчлон цанаар гулгах, амралт зугаалга, шашны аялал зэрэгт суурилсан аялал жуулчлалтай. 2002 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан бөгөөд 2034 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.

Жэймс Брижер (англи. James «Jim» Bridger, 1804 — 1881) Давст нуур орчмыг 1825 онд судалан нээсэн анхны америк хүн гэгддэг ч үүнээс өмнө бусад судлаач аялагчид Ютагийн хөндийн ойролцоох хойд Ютад очиж байсан юм.

Энэ хөндийд байнгын суурьшлын эхлэлийг албан ёсоор 1847 оны 7-р сарын 24 гэж үздэг бөгөөд энэ нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн (мормон шашин) анхны бүлэг ирсэн өдөр юм. Тэд зүүн мужуудад өртөж байсан хүчирхийлэл, хавчлагаас ангид, итгэл үнэмшлээ тайван замаар хэрэгжүүлэх боломжтой нам гүм газрыг хайж АНУ-ын хил хязгаарыг давж аялсан. 1847 оны 7-р сарын 24-нд Бригхэм Янг (англи. Brigham Young)-ийн удирдсан Мормоны шашины анхдагчид Их давст нуур орчим суурин байгуулж, хожим нь тэлж хот болжээ.

1840, 1850-иад онд энэ нь Калифорни руу нүүгсдийн дамжин өнгөрөх газар болж байсан юм. 1860, 1870-аад онд энд уул уурхайн салбар хөгжиж, төмөр зам баригдсанаар Солт-Лэйк хот Америкийн барууны хэсгийн томоохон худалдааны төв болжээ. 1856 онд Солт-Лэйк хот нь Калифорни мужийн Юта газар нутгийн, сүүлд 1896 оноос хойш Юта мужийн нийслэл болжээ.

АНУ-ын Анхны Тив дамнасан төмөр зам (англи. Transcontinental Railroad) 1869 онд Их Давст нуурын хойд хэсэгт орших Promontory Summit-д хүрч баригдаж дууссан. 1870 онд Тив дамнасан төмөр зам хоттой холбогдож, аяллыг хялбар болгосон байна. Энэ үйл явдлын дараа янз бүрийн үндэстний бүлгүүд олноороо энд нүүдэллэж эхэлсэн юм. Төв Номхон далайн төмөр замын (Central Pacific) ихэнх хэсгийг барьсан хятад цагаачид Солт-Лэйк хотод " «Plum Alley» нэртэй цэцэглэн хөгжиж буй хятад хорооллыг байгуулсан бөгөөд энд 20-р зууны эхэн үед 1800 хятад амьдарч байжээ.

2010 оны хүн амын тооллогоор тус хотын хүн амын 75.1% нь цагаан арьстан, 2.7% нь африк гаралтай америкчууд, 1.2% нь уугуул америкчууд/аляскын уугуул иргэд, 4.4% нь азичууд, 2.0% нь уугуул Хавай болон Номхон далайн бусад арлын иргэд, 10.7% нь бусад арьстнууд, 3.7% нь холимог арьстнууд байжээ. Нийт хүн амын 22.3% нь испани эсвэл латин гаралтай бусад арьстан байв. Түүхээс харахад Солт-Лэйк хотын хүн амын дийлэнх нь цагаан арьстнууд байсан.

1860-1950 оны хооронд хүн амын 99% нь цагаан арьстнууд байв. Хүн амын 37.0% нь бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байжээ. Хотын оршин суугчдын 18.5% нь тус мужаас гадна төрсөн, 1.1% нь Пуэрто Рико эсвэл АНУ-ын бусад арлуудаас гаралтай, эсвэл гадаад эцэг эхээс төрсөн хүмүүс байв. Хүн амын 27.0% нь гэртээ англи хэлнээс өөр хэлээр ярьдаг байна.

Солт-Лэйк хотод дээд боловсролыг Юта их сургууль, Westminster College, Salt Lake Community College, Stevens-Henager College, Eagle Gate College, The Art Institute of Salt Lake City болон LDS Business College зэрэгт олгодог.

Энэ хотод Healing Mountain Massage School, Utah College of Massage Therapy зэрэг олон техник мэргэжлийн сургуулиуд бий.